Байраа зарангуутаа захиалга өгөхөөр төлөвлөсөн байсан байрыг маань хүмүүс ямар үнэтэй байр вэ гээд байх юм. Тэгэхээр нь ойрд баахан байрны үнийн судлагаа хийлээ. Шуурхай зар аваад захиалга авна гэсэн шинэ байрнуудын үнэ, зарна гэсэн хуучин байрнуудын үнийг судлаад, ойрд бас л баахан тоо бодож байна. Энэ толгой тоо бодохгүй хэсэг амарна гэж ер нь байхгүй юм шиг байнаа.
Өө тэгсэн чинь энэ хуучин байрнууд чинь ямар аймаар үнэтэй юм бэ? Ёстой даварчихсан. Хүний амьдарч байсан хуучин байр авч байснаас шинэ байр авсан нь хамаагүй дээр биз дээ яаж ч бодсон. Шинэ байрнууд бол байрлалаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байна л даа. Хотын төвөөр бол үнэтэй байна. Би ирээдүйд урсгал зардал бага гээд хотын төвийн байр л сонирхоод байгаа. Гэхдээ ер нь л байрны үнэ өндөр байна. Арай л үндэслэлгүй хөөрөгдсөн үнэ байх шиг байна. Хөрөнгийн үнэлгээний сургалтанд сууж байхад барилгын м кв-ын бодит зардал 650000 төгрөгт яг багтдаг гэж барилгын төсвийн мэргэжилтэн ярьж байсан. Одоо барилгын материалын үнэ өслөө өслөө гэхэд 1 саяас хэтрэхгүй л баймаар юм. Манайхан бас арай л хэтэрхий шуналтай шүү.
За хуучин байрны үнэ бол бүр дэндүү даварчихсан байнаа. Мэдрэл муутай, тоо бодож чаддаггүй гаруудын толгойдоо орж ирсэн тоог хэлж байгааг нь сонсоод бүр уур хүрлээ. Хэзээ хэзээгүй нурж унах шахсан байраа м кв-ыг нь 2-3 саяар үнэлчих юмаа. Зүгээр л нэг толгойдоо орж ирсэн хамгийн өндөр гэж бодсон тоогоо хэлчих юм. Тэгээд тэр байрных нь хэмжээ, настай нь харьцуулаад тооцоод үзэхээр хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн орон сууцны үнэтэй дүйцээд оччих юмаа. Шал инээдтэй. Тийм үнэтэй хуучин байр аваад тэгээд дээр нь засварын зардал гаргана гэдэг тэнэг хүний л ажил байх даа.
6% хүүтэй зээлийн сургаар банкуудаар орон сууцны зээлийн хүсэлт орж ирэх нь эрс багасаад ирсэн гэж байгаа. Хүмүүс байр авах гэж яарахгүй, боломж олдвол энэ зээлнээс авчих санаатай нэг тийм хүлээлтийн горимд орчихлоо. Энэ чинь одоо удахгүй хуучин байрны үнэ унана гэсэн үг. Хямралын үеийнх шиг байр зарагдахаа болиод эхлэх шинжиндээ орчих шиг боллоо.
Долоо хэмжиж, нэг огтолж байгаад байраа захиалсан нь дээр юм байна гэж бодоод сууж байна. Одоо ашиглалтанд орох дөхсөн байрнууд бол 100000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахгүй гэж байна. Тэгэхээр ашиглалтанд орох дөхсөн байрны үнэ ч гэсэн хамаагүй өсөж чадахгүй байх. Хүмүүсийн байр авах эрэлт нь саараад эхлэхээр үнэ өсөх боломжгүй болно л доо. Тэгээд ч заавал хотын төвийн хэт өндөр үнэтэй байр луу зүтгэж байхаар төвдөө ойрхон, боломжийн үнэтэй байр авсан нь ч дээр юм шиг байна. Зөрүү мөнгөөрөө машин авчихвал арай илүү сонирхолтой санагдаад явчихлаа.
Байр захиалтлаа мөнгөө яахуу гэсэн дэмий бодол бас толгойноос салахгүй юмаа. Дэмийрч байж дэмий юм болох вий дээ гээд бас дотор хүнтэйгээ маргалдаад сууж байна. Хэсэг хугацаанд хувьцаанд хөрөнгө оруулчихвал яадаг бол гээд өөрийн эрхгүй хөрөнгийн биржийн сайт руу өнгийчих юмаа. Хувьцааны ханш харах гээд... За боль боль, дэмий юм дэмий л байдаг гэж хэн нь ч билээ, манай найзуудын нэг нь хэлдэг байсан кккк.... Тэр үгийг санаад, өөртөө хэлээд сууж байхгүй бол.... Тоо бодохгүй хэсэг ч гэсэн толгойгоо амраах юмсан. Өөр сонирхол татах юм гараад ирдэггүй юм байх даа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment