RSS

Байраа сонгохдоо баримтлах миний зарчим

Байрны асуудлыг түр хойшлуулахаас гэсэн шийдвэр гаргаад сууж байна. Мэдээгээр энэ дээд дарга нар чинь "тайван амгалан байцгаа, удахгүй нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр байрны үнэ унана" гээд байх юм. Ер нь нэг тийм шинж илт ажиглагдаад эхэллээ. Өдөр болгон зарын сайтуудыг харсаар байгаад энэ гадуур зарах гэж зарлаж байгаа хэдэн байрнуудыг би бараг цээжилчихлээ. Уйгагүй өдөр бүр зарлах юмаа. Гандан буурахгүй үнээ буулгахгүй байгаа ганц нэг нөхдүүд бас байнаа. Дийлэнх нь үнээ буулгаж байна. Гэхдээ буулгаад буулгаад хуучин байр шинэ байрнаас үнэтэй шахуу хэвээрээ байна шүү. Буулгаад ч зарагдахгүй байх шиг байна. Манай банкинд лав хуучин байр худалдаж авах зээлийн хүсэлт бараг орж ирэхээ больчихлоо гэж байна. Тэгэхээр өнгөрсөн хямралын үеийнх шиг нөхцөл байдал үүсээд байрны үнийг нэг байранд нь тавиад өгөх юм шиг болоод явчихлаа. 
Одоо энэ дарга нар яриад байгаагаа бодит ажил болгоод эхэлбэл шинэ байрны үнэ бас байрандаа очих боломжтой л юм. Гэхдээ мэдэхгүй юм даа. Дахиад нэг байр авч зараад ашиг олчихдог юм билүү гэж бодож байснаа болилоо. Шуналтаж байж шатчихвал гай зүгээр. 
Манай найзууд намайг ёстой огцом шийдвэр гаргах юмаа гээд л гайхаад байна. Заримд нь оносон шийдвэр гаргаад, заримдаа буруутаад байгаа юм байхаа. Хамгийн сүүлд бол их оновчтой зөв шийдвэр гаргасан байна гэнэ дээ. 
Одоо аажуу уужуу бодож болгоож байгаад орон гэрээ цоо шинээр төвхнүүлнээ. Охины заяа түшээд бүх юм ОК болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Их буянтай манай охин чинь.... 
Шинээр орон гэрээ худалдаж авахдаа одоо бол хашир үзнэ л дээ. 
1. Хүн амьдарч байсан хуучин байр худалдаж авахгүй. 
Хэдэн жилийн өмнө аав ээж 2 маань манай дүүг өрх тусгаарлаад удаагүй байхад нь ирж очиж байхад амар гээд хажуу айлынхаа байрыг худалдаад авч өгсөн юм. Тэр байрыг аваад жил ч болоогүй 2-лаа ойрхон өөд болсон л доо. Дараа нь манай дүүгийн хүүхэд авчин ороогоод салахгүй, аргаа барсан бид нар лам хар дээр очно биз дээ. Тэгсэн нэг биш нэлээн хэдэн хүн "энэ их эвгүй байр байнаа" гээд болдоггүй. Тэр байранд манайх шинээр ашиглалтанд оронгуут нь ороод одоо болтол байгаа болохоор хөрш айлуудаа сайн мэднэ л дээ. Тэгээд яг тэр квартирт байсан айлуудыг бүгдийг нь эргэн дурсах хэрэг гарлаа. 
Хамгийн эхний айл хүүхдээ алдаад нүүгээд явсан. Дараагийн айл бас гэрийнхээ ганц сор болсон охиноо алдаад гарсан. Дараа нь 2 хүүхэдтэй айл ирээд эхнэр, нөхөр 2 салаад нүүгээд явсан. Тэрний дараа бас нэг залуу гэр бүл ирээд нөхөр нь архинд ороод 2 тийш болоод нүүгээд явсан. Сүүлд нь хөдөөнөөс 2 хүүхэдтэй залуу гэр бүл ирээд удаагүй гэнэт нүүнэ гэхэд нь манай аав ээж 2 манай дүүд худалдаад авчихсан хэрэг.  Хөдөөний залуучууд болохоор их хөршсөг,  хөгшчүүлд их элгэмсэг, манай аав ээж 2-той их дотно байсан юм л даа. Тэгсэн залуу нь ээжид сэмхээн "эхнэр хүүхдээ нутагтаа авааччихаад хотын нэг бүсгүйтэй гэрлэнэ, та битгий хэлээрэй" гэж шивнэсэн байгаа юм даа. Бас л гэр бүл салалт. Тэр байр чөтгөр шүглэсэн байр байсан. 
Тэгээд бушуухан хямдхан зараад тэр байрнаас салж билээ.  Тэр байрнаас гараад л хүүхэд нь байн байн өвчин ороохоо больсон шүү их сонин. Тэрнээс хойш таньж мэдэхгүй айлын байр хамаагүй худалдаж авч болохгүй гэдэг ойлголт тархинд маш лав гүн гүнзгий суучихсан юм.
2. Хамгийн дээд давхрын байр худалдаж авч болохгүй. 
Орон сууцны зээлээр худалдаж авсан миний хамгийн анхны үл хөдлөх хөрөнгө. Би тэр байрандаа одоо болтол хайртай. Даанч зарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм л даа. 
Байрлал бол яг хотын төвд, байр нь бас гоё. Тухайн үед ашиглалтанд ороод улсын комисс хүлээгээд авчихсаных нь дараа худалдаж авсан болохоор хамгийн дээд давхраас өөр сонголт үлдээгүй байсан юм. Тэр байранд орж үзэнгүүтээ шууд л зүтгэе гээд чичрээд дайрчихсан. Барилгын компани нь чи банкинд ажилладаг юм чинь зээл чинь бүтэх биз гээд мөнгөө өгөөгүй байхад надаа түлхүүр өгчихсөн. Тухайн үед бол бас үнэтэй л байр байсан л даа. Байрны зээл тэгтэл маш хурдан бүтсэн. Миний цалингийн орлого арай хүрэхгүй байхад л манай ангийн хүүхэд зээлийг минь гаргаад өгсөн. Үнэн азтай байсан. Дээр нь цалингийн зээл нэмж аваад л гэрээ хөөрхөн тохижуулчихсан. 
Аливаа юманд тууштай зоригтой зүтгэвэл болохгүй бүтэхгүй зүйл үгүй гэдгийг тэгэхэд ойлгосон шүү.
Эхний жил үнэхээр тухтай байлаа. 2 дахь жилээсээ эхлээд зуны халуунд шатаж үхчих гээд, өвлийн хүйтэнд хөлдөж үхчих гээд тух алдаад эхэлсэн. Дээврээсээ жиндээд байдаг юм шиг байгаан. Тэгээд доод айлуудаасаа асуухаар байр дулаахан байна гээд байдаг. 4 дэхь жилээсээ эхлээд 00-н өрөөнд орохоор л под под гээд дуугараад байдаг болчихлоо. Энэ хаана ус дусаад байнаа гээд хайгаад олдоггүй. Нэлээн хэдэн сарын дараа л хаанаас гэдгийг нь мэдсэн. Дээврээс агааржуулагчын тэндээс ус дуссаар байгаад коридорын хана чийгтээд мөөгөнцөртөөд эхэлдэг байгаа. 
Тэгээд СӨХ-д хэлтэл "барилгын компанитай холбоо барьж чадахгүй байна, бид нар бол засаж чадахгүй" гэж авдаг юм даа.
Өө тэгтэл энэ байрнаасаа гар чи гэж байгаа юм шиг гэнэт ажил төрөл бүх юм л нураад эхэлсэн. Гэнэт ажилгүй болонгуутаа зээл төлөх асуудал гарч ирэнгүүт өрийн дарамтнаас гарах гээд байраа зарах шийдвэр гаргачихсан л даа. Тэгээд ч энэ дээврийн асуудлаас болоод манай байрны үнэ цэнэ улам унах шинжтэй байсан юм чинь. Эртхэн шиг танагтай дээр нь учрыг нь олъё гэж бодоод... 
Зарах гэж үйлээ үзэж билээ. Хамгийн дээд давхар гэхээр хүмүүс дургүй байдаг юм байна. Дээрээсээ дусаал гоождог уу гэж нэлээдгүй хүмүүс асуусан. Дээврээс дусаал гоожих асуудал хаа сайгүй байдаг бололтой юмаа. Зовж байж хямдхан зарсан даа. Ханан дахь мөөгөнцөрийг нь хусаж байгаад, нэг ах эгч 2-ыг сайхан хулхидаж байгаад, зарчихсан. Тэр балиар мөөгөнцөр чинь хусаад байхад эргээд гарч ирээд байдаг балиар хог байналээ. Хамгийн аймаар нь хүнд халддаг юм гэнэ. 
Гэхдээ манай байрны цонхоор үзэгдэх орчин үнэхээр сайхан байсан л даа. Үзэгдэх орчин ч бас их чухал шүү. Оройд ажлаасаа ирээд Богд уулаа харахаар сэтгэл нээх сайхан сэргэдэг байж билээ. Дээд давхар болохоор дуу чимээ, тоос шороо харьцангуй бага ч юм шиг санагддаг байлаа.
3. Шинэ байр захиалах бас жоохон дарамттай. 
Саяын зарсан байраа дөнгөж баригдаж эхлэнгүүт нь захиалсан юм л даа. Сонголт арвин, үнэ хямд байх үед нь маш нухацтай сонгосон. Байрны чанар, байршил, давхар, үзэгдэх орчин гээд л.... Ойр хавьд нь байдаг үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг... Бүх асуудалд анхаарал хандуулсан. Сонголтондоо маш сэтгэл хангалуун байсан. 
Гэвч миний байр биш байсан бололтой. Үлдэгдэл төлбөрийг нь зээлээр авах байсан болохоор 1-2 асуудлаас болоод зээлийн асуудал хойшлогдоод байдаг. Барилгын компани тэгтэл дарамталж өгдөг юм даа мөнгөө нэхээд. Хүний мөнгийг урьдчилж авч ажил хийж байгаагаа мэдэхгүй тэнэг гарууд... Хүмүүс захиалга өгч мөнгөө өгөөгүй байсан бол тэд нар муусайн юмнууд ажилгүй л байгаашд. 
Би ч бас тэнэг. Сэтгэлийн хөөрлөөрөө аваачаад гэрээн дээр нь гарын үсэг зурчихсан чинь... Юу вэ? Хоногийн 0,5%-ийн алданги ч гэх шиг, хорвоо дэлхий дээр байхгүй өндөр торгууль.... Азаар нэг танилаасаа хүүтэй мөнгө зээлж тэр мөнгийг нь өгөөд байраа авч салсан шүү дээ. Гэхдээ нэлээдгүй торгууль төлсөөн. Хэрэлдэж нэг үзэж, гуйж хоёр үзэж байж хүүг нь буулгаж торгууль төлсөн. Шүүхдвэл тэр торгуулиа эргээд авах боломжтой гэнэ. Өөрсдөө өчнөөн сар хугацаа хэтрүүлж байраа ашиглалтанд өгөхдөө 1 ч төгрөгийн алданги төлөөгүй гээд бод доо. Үнэн шударга бус. Гэрээ эрх тэгш байх ёстой гэдэг нөхцлөөр би төлсөн торгуулиа буцааж авах боломжтой юм байналээ. Нээрээ нэг зав гаргаж, заргалдах юмсан муусайн юмнуудтай.
Ер нь шинэ баригдаж эхэлж байгаа байр захиалахдаа гэрээн дээр маш нухацтай хандах хэрэгтэй юм байналээ. Манай барилгын компаниудын гэрээ бол үнэндээ л аймаар. Захиалагчийг дарамталсан, хуулийг дээд зэргээр зөрчсөн, зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодсон. Манай барилгын компаниуд одоо хэзээнээс хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж сурах юм ёстой чөтгөр бүү мэд. 
Гэхдээ энэ захиалсан байраа нэлээн нухацтай сонгосон болохоор зарах гэж ёстой зовоогүй. Хамгийн анхны үзсэн хүн л шууд авчихсан. 
Эргээд харсан чинь байрны тал дээр бас хөөрхөн туршлага хуримтлуулаад авсан юм байнашдээ би чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment