Хувийн архиваас: 2008 оны 9 сарын 25-нд ингэж бичиж байжээ.
“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж үг байдаг даа. Ном бол хувь хүнийг бие хүн болж төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлдөг маш чухал хэрэгсэл гэж би боддог.
Номтой би ухаан орох цагаасаа л найзалсан. Хамгийн том ах маань маш их ном уншдаг хүүхэд байсан болохоор би ухаан орох цагаасаа л номыг заавал унших ёстой зүйл гэсэн ойлголттой болчихсон юм байна. Хүн өдөр болгон хоол иддэгтэй адилхан өдөр болгон ном унших ёстой гэж боддог байлаа.
Ном уншиж чаддаггүй бяцхан охин байхдаа гоё зурагтай номонд ухаангүй дуртай байсан. Гоё өнгө алагласан зурагтай, үлгэрийн номнуудад бол ухаан алдчихна. Тэгээд л аав, ээж, ах нараа ном уншаад өг гээд шалчихдаг байж билээ. Ахынхаа уншдаг номнуудыг дэлгэж үзчихээд л “Тэнэг чинь зураггүй, үсэгтэй ном уншдаг” гээд л уурладаг байж билээ. Зурагтай ном нэхээд байдаг болохоор манай ах нэг удаа Херлуф Бидструпын номыг үз гээд надад өгсөн. Тэр ном нь бас жоохон хүүхэд үзэхээр зурагтай ч ном биш байсан. Ах бол надаас төвөгшөөсөндөө, жоохон ч гэсэн чих амар байхын тулд намайг чимээгүй болгох гэж тэр номыг өгсөн байх. Тэгсэн би “энэ чинь өнгөгүй, бас тэнэг зурагтай ном байна” гээд л уурлана. Тэгснээ өөр үзэх ном олдохгүй болохоор нөгөө номноосоо жоохон хүүхдийн зурагтай зургуудыг нь хайгаад давхичихдаг байж билээ.
Сургуульд орлоо. Үсэглээд уншиж эхэлсэн. Ахыгаа дуурайгаад л ном тэврээд хэвтдэг боллоо. Тэгээд л дүнгэнэтэл үсэглээд л.... Ах бол байнга хэвтэж ном уншдаг, бас хоолоо идэж байхдаа ном уншина, жорлонд орохдоо номоо сугавчлаад л ордог болохоор яг л тэр үйлдлийг нь тоть шиг дуурайна. Анх үсэглэж уншиж байхдаа уншсан юмаа огт ойлгодоггүй байсан. Нэг удаа үсэглээд л, үглээд л сууж байсан чинь ах уурлаад, хажууд нь саад болоод байсан байх л даа “хараагаараа уншаач” гэж загналаа. “Хараагаараа уншина гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэсэн чинь “нүдээрээ уншаач, битгий үглээд бай” гэж загнасан. Тэгээд л хараагаараа уншиж сурсан. Гэхдээ миний хараа одоо болтол муудаагүй. Лууван их идэх дуртай болохоор хараа мууддаггүй байж магадгүй юм. Манай ах бол хар багаасаа хараа муутай, шил зүүдэг нөхөр байсан.
Ном уншиж сураад хамгийн анх уншиж үзсэн ном бол “Түн түн пин пан буюу ойн дээрэмчид” гэдэг ном. Нэг жижигхэн ном байсан санагдаж байна. Дотроо 3 жижиг тууж байсан байхаа. Лав л нэг нь “Аав цэцэрлэгт орсон нь” гэж байсан юм даг.
Тэгээд л баахан үлгэрийн ном л уншдаг байлаа. Одоо бол тэр бүх номныхоо нэрийг сайн санахгүй байна л даа. Нэг удаа ангийнхаа хүүхдээс “Нөлөөт толины вант улс” гэдэг ном аваад уншаад сууж байсан чинь ах харчихаад “Ах нь гялс уншчихаад өгье” гэж гуйгаад.... “Ах нь жоохон байхдаа уншсан ном. Гэхдээ гялс дахиад нэг уншаатахъя, одоохон” гээд бүр салдаггүй. “Тэгээд удна биз дээ” гэсэн чинь “Үгүй ээ ийм жижигхэн ном юм чинь 2 цаг л уншина” гэж гуйсаар байгаад аваад нээрээ л 2 цагийн дараа уншаад дууслаа гээд өгсөн. Тэгсэн би тэр номыг нь 3 өдөр уншиж байж арай гэж нэг юм уншиж дуусгалаа. Ахаасаа тэгээд яагаад хурдан уншдаг тухайг нь асуувал “Ном уншаад л байхаар аяндаа хурдан уншдаг болчихноо” гэсэн. Тэгээд л би ахаасаа хурдан уншдаг болох гээд л ном уншсаар байгаад нээрээ хурдан уншдаг болсон. Гэхдээ номын амтанд эргэлт буцалтгүйгээр орсон доо.
Ном уншаад, уншиж байгаа номондоо уусаад орох шиг жаргал байхгүй шүү. Амралтаараа ном уншаад л хэвтэх шиг сайхан амралт байдаггүй юм шиг санагдана. Зуныхаа амралтаар их ном уншдаг байсан даа. Оросын хүүхдийн зохиолчдын номнуудыг их уншдаг байж. “Миний генерал” гэдэг номыг уншиж дуусангуутаа асгартлаа уйлж байснаа одоо болтол мартдаггүй юм. Бас Карлсоноос эхлээд Астрид Линдгрений хүүхдийн зохиолуудыг уншдаг байлаа. Хөөрхөн, хөгжилтэй шүү.
Жюль Верн-ий уран зөгнөлт, адал явдалт зохиолуудыг уншиж, хэзээ ч аялж үзээгүй, ер нь аялж үзэхгүй ч байж магадгүй далайгаар аялана. Цэлийсэн далай бодвол аймаар л байх, гэхдээ би үерлэсэн үеийн Туул гол шигээ төсөөлөөд л уншина, далайн шуурга боллоо гэхэд бороо орохын өмнө хүчтэй салхилж, шороо шуурдаг шиг л юм бодож төсөөлж уншина. Одоо өнгөрсөөн, үхчихсэн байх гэхээр үхээгүй амьд гараад ирдэг, за одоо жинхэнээсээ өнгөрсөн, матранд идүүлчихсэн байх гээд л бодохоор бас л үхээгүй байдаг Жюль Верн-ий зохиолын баатрууд, үйл явдлууд нь нээрээ үнэхээр сонирхолтой шүү.
Теодор Драйзерийн зохиолуудыг уншихаар нэг тийм бүүдийсэн бүрхэг, бас жихүүн өдрүүд, нэг л тийм хэцүү амьдрал төсөөлөгддөг байсан. Америк гэж тийм л улс байдаг гэж төсөөлж байсан. Хувьцаа гэж юу гэдгийг нь сайн ойлгохгүй л уншдаг байлаа. Тухайн үед социалист нийгэм байсан болохоор зориуд Америкийн баргар амьдралын тухай бичсэн номыг орчуулдаг байсан байх гэж одоо бодож байна.
Майн Ридийн зохиолуудад бас их дуртай байсан. Индиануудын амьдралын талаар, мустангер эр, баян айлын бүсгүй хоёрын дурлалын талаар.... Ер нь Майн Ридийн бараг бүх номнууд нь ерөнхийдөө нэг сэдэвтэй ч юм шиг. Гэхдээ л маш сонирхолтой.
Бас Александр Дюма байна. “Шадар 3 цэрэг” үнэхээр гоё ном. Аймаар догдолж уншиж байж билээ. Харин “20 жилийн хойно” нь жоохон залхуутай. Атос, Портос, Арамис, Артяньян 4 маань хөгширсөн чинь адал явдалгүй, уйтгартай болчихсон. За “Монте-Кристо гүн” бол жинхэнэ хор шарыг минь малтсан, өшөө авах хүслийг минь бадраасан ном байлаа. Эдмон, Мерседес 2-ыг энэ хорвоогийн хамгийн гоё залуу, бүсгүй гэж төсөөлж уншдаг байсан чинь кинон дээр нь миний бодож байснаас царай муутай жүжигчид тоглосон байхаар нь би киног нь үзээгүй орхисон.
Анх “Баскервилийн удмыг хэлмэгдүүлсэн нохой”-г уншиж Артур Конан Дойлын зохиолын баатрууд болох Шерлок Холмс, Доктор Ватсон 2-той танилцаж билээ. Нэг орой гэрийн даалгавраа хийж дуусчихаад санаандгүй энэ номыг бариад авчихсан чинь салж чаддаггүй. Тэгээд аавыг унт гэж загнана гэж бодоод харанхуй өрөөнд (харанхуй өрөө нэртэй ч гэрэлтэй л дээ) сэмхэн ороод уншлаа. Номноосоо салж чаддаггүй, ухаан алдаад суучихсан, нэг мэдсэн гэрийнхэн бүгд унтаад өгч. Би харин том хар нохой үүдэнд хүлээгээд сууж байгаа юм шиг санагдаад, айгаад харанхуй өрөөнөөсөө гарч чадахгүй нэг шөнийг өнгөрөөчихөж билээ. Тэгээд өглөө нь нэг улаан нүдтэй, нойрмоглосон юм л хичээлдээ явж байсан юм.
За тэгээд уншсан номнуудаа бичээд байвал барагдахгүй л дээ.
90-ээд оны эхэн үеэр нийгэм ч өөрчлөгдлөө, дэлгүүрт ном ч ховордлоо, сүүлдээ номын худалдаанд гарч ирсэн ном нь Чейзийн цувралууд л байсан байх. Ер нь дийлэнх нь нэг тиймэрхүү номнууд гарах болсон доо. Эхлээд уншдаг байсан. Сүүлдээ таалагдахаа больсон. Дандаа л аллага, таллага. Залхсан. Миний унших ном биш байна гэж ойлгосон. Тэгээд уншихаа больсон.
Энэ үед уншсан номнууд бол А.Рыбаковын “Дети Арбата”, (“Страх”, “Прах и пепел”), Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэх мэтийн социалист системийн хар барааныг харуулсан сэдэвтэй ном, нийтлэлүүдийг уншдаг байсан юм байна. Сүүлд “Цэдэнбал и Филатова”-г уншиж миний төрж өссөн, миний гоё гэж боддог байсан социализмын үед бас муу муухай зүйл зөндөө байсныг, энэ дэлхий дээрх хамгийн сайн хүмүүс гэж боддог байсан орос агаа нар бас ямар зэвүүн новшнууд байсныг мэдэж авсан. Гэхдээ энэ номыг уншиж дуусаад Цэдэнбал дарга болон түүний гэр бүлийнхнийг үнэхээр их өрөвдсөн. Өөрийн нөхөр болон хоёр хүүгийнхээ төлөө, бас Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө нөхрийнхөө эрх мэдлийг ашиглан, өөрийнхөө нэр төрийг золиослон, бусдад муу муухайгаар хэлэгдэн зүтгэсэн Анастасия Филатова авгайг би биширсэн. Бас амьдралынх нь төгсгөл хэсэгт сэтгэл шимширч байлаа. Нөхрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө амьдралын төгсгөл хэсгийг золиослон амьдарч байгаад гэртээ ганцаархнаа нас барсаныг нь уншаад уйлж байсан юм. Нөхөртөө намаас нь хөөгдсөнийг хэлэхгүй, тусгай хангамж хэвээрээ байгаа гэж итгүүлэн, яаж ийгээд л 1, 2-р хоол өмнө нь хийж тавиад өөрөө хоосон шахуу өдрийг өнгөрөөдөг байсныг нь уншаад ямар агуу сэтгэл вэ гэж үнэхээр биширсэн.
2000-д он гараад номын худалдаанд гарч буй номнуудын дийлэнхийг эзлэх болсон Дейл Карнеги болон энэ чиглэлийн номнуудыг унших гэж оролддог боллоо. Гэхдээ залхуутай, би ийм төрлийн ном унших дургүй юм байна лээ. Хэрхэн яаж мөнгөтэй болох, баяжих, карьераа хэрхэн дээшлүүлэх гэх мэтийн балай номлолуудыг унших залхуутай.
Хэдхэн жилийн өмнө Э.Р.Мулдашевын цуврал номуудыг уншсан. Надад хамгийн их таалагдсан ном энэ. Энэ номыг уншсанаар миний сэтгэлгээнд том өөрчлөлт гарсан. Надад энэ талаар эртхэн унших боломж олдохгүй яав даа гэж бодогдож байлаа. Нэгэн маш чухал зүйлийн талаар мэдэж авсан нь намайг огт өөр бодолтой хүн болгож орхисон. Энэ нь нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч гэсэн хүний сэтгэлийг бас нэг маш чухал эрхтэн гэж тооцож болох юм байна, хүн хамгийн гол нь сэтгэл санаагаа тайван, эрүүл байлгах хэрэгтэй юм байна гэж ойлгож авсан.
За за цаашаа бичээд байвал бичээд байх шинжтэй. Номны тухай бичсэн чинь сайхан сэтгэл сэргэчихлээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment