Өөрийнхөө бичээд мартсан зүйлээ эргээд уншихад бас сонирхолтой юмаа. Номын ертөнцөөр гэсэн бичлэгээ уншсан чинь үргэлжлүүлж бичмээр санагдаад болдоггүй.
За тэгээд сүүлийн үед ном уншиж тухлах завгүй болчихож дээ. Гэхдээ л яаж ийгээд зав гаргаад ном унших гээд л үзээд байгаа. Гэснээс сүүлийн үед өөртөө илрээд байгаа нэг өөрчлөлтийг анзаараад байгаа. Энэ юу вэ гэхээр.... Уншдаг номны чиг хандлага нас явах тусам өөрчлөгдөөд байна. "Наслах тусам сэтгэл нялхарч, бусдын гэмийг уучлах боллоо..." гээд Чингисийн Жагаа ахын дуу байдаг биз дээ. Тэрэн шиг... Наслах тусам унших номны сонирхол, чиг хандлага өөрчлөгдөөд байна.
Хүүхэд байхдаа түүхийн сэдэвтэй ном уншихаараа шууд л нойр хүрдэг байсан бол одоо бөөн сонирхол. Багадаа уран зөгнөлт, адал явдалтай номонд ухаан алдаад шумбаад орчихдог байсан бол одоо нэг тэгсхийгээд л гарчиглаж байгаад л чимээгүйхэн цааш нь түлхдэг болж. Энэ одоо юу гэсэн үг вэ? Насны доройтол гэж хэлэхэд арай л зохимжгүй байх л даа ккк. Гэхдээ л нэг юм хэлээд байна. Аан гэхдээ бас зарим нэг детектив зохиолыг бол уншаад байналээ.
Сүүлийн үеийн миний уншиж байгаа номны чиг хандлага бол намайг хөгширч байгааг нээрээ шууд л илэрхийлээд байна. За за муухай хэлчихлээ, би хөгшрөх болоогүй шүү. Зүгээр л би гэдэг бие хүн өөрчлөгдөөд, намба суугаад, төлөвшөөд байгааг илэрхийлж байгаа байх. Төлөвшөөд гэчихжээ бас, аймаар мундаг төлөв хүн аан ккк.
Бас нэг илт анзаарагдаад байгаа зүйл бол, багадаа гадаад зохиолчдын орчуулгын ном их уншдаг байсан бол одоо болж өгвөл монголын гайгүй зохиолчдын ном унших нь илүү санагдаад байдаг болчихож. Үүний учрыг бол би өөрөө маш сайн ойлгож байгаа. Энэ бол манай сүүлийн үеийн номнуудын орчуулгын чанартай шууд холбоотой асуудал л даа. Сүүлийн үед орчуулагдаж, хэвлэгдэж гарч байгаа номнуудын орчуулгууд дэндүү муу. Уншихад урамгүй, уур хүрмээр. Биднийг хүүхэд байх үеийн орчуулагч нар бол үнэхээр мундаг байжээ. Одоо би тэр үеийн мундаг мундаг орчуулагч нарыг үнэхээр их үгүйлж байна.
"Суут 100 баян" тэргүүтэй цуврал номнууд гараад байгаа даа. Би "Суут 100 баян"-ыг арай гэж уншсан. Уур хүрмээр бохир орчуулгатай. Уг ном нь бол үнэхээр сонирхолтой ном. Хайран сайхан номыг тэгж орчуулах гэж нээрээ. Дараагийн цувралуудыг нь авч уншихыг хүсээгүй үүнээс болоод.
Ер нь бол орчуулга нь баллаад хаячихсан олон сайхан номнууд зөндөө байгаа. Тэр бүхнийг би тоочиж барахгүй, мэдэхгүй, мэдлэг ч хүрэхгүй.
"Хиртэлт"-ийг би аль халуун намраар л худалдаж авсан. Одоо болтол уншиж дуусаагүй. Жил боллоо яанаа. Унших гээд бариад авахаар л залхуу, дургүй 2 зэрэг хүрээд эхэлж байгаа юм чинь. Нэлээн олон жилийн өмнө байсан бол нэг амьсгаагаар уншаад дуусгах шинжтэй ном байналээ. Орчуулга нь бас тааруу.
Дунд сургуульд байхдаа нэг удаа өвдөөд, халуураад, толгой эргээд хэвтэж байхдаа л "Муу ёр 666"-г гүрийж байгаад л уншаад дуусгаж байлаа. Одоо бол энэ төрлийн номыг тоож уншихгүй шинжтэй болсон байналээ. Тэр үед бол энэ номыг аав ээж 2-т загнуулан загнуулан, нүдийг нь хариулж байгаад уншиж байсан юм. Тэгтлээ номонд улайрдаг байлаа. Өө нээрээ 2-р ангид байхдаа "Хүжийн гал" гэдэг өгүүллэг уншчихаад хүжийн галд ном унших гэж оролдож байсан юм. Ёстой хэзээ ч бүтэхгүй юм чинь тэр байналээ дээ. Нэг ширхэг үсэг л харагдана тэр хүжийн гэрэлд нь. Үсэг үсгээр нь ном уншина гэвэл үс минь цайгаад дуусах байлгүй.
Зун лагерьт гарчихаар шөнө ном унших асуудал бол нэлээн хүнд асуудлуудын тоонд орчихдог байлаашд нээрээ. Дөрвөлжин модон амбаарт гэрэл унтраасан бол тэгээд л өнгөрөө. Нэг сонирхолтой ном бариад авсан үед бол энэ асуудалд маш их эмзэглэж, хямарна ккк. Тэгээд энэ асуудлыг шийдэхийн тулд гар чийдэн барьж хөнжилдөө шургалдаг боллоо. Хэдэн минут болоод л агаарын дутагдалд орно. Нэг толгойгоо цухуйлгаж гүнзгий амьсгаа авчихаад л эргээд толгойгоо шургуулна. Гэх мэтчилэн шөнийн цагаар ном унших гэж ихээ зовдог байлаа.
Лагерьт өдрийн цагаар бол жинхэнэ жаргалаа эдлэн эдлэн ном уншдаг байлаа. Аав ээж ажилдаа явчихна, цайны цагаар ч ирэхгүй. Хол юм чинь. Нэг мөр орой л ирнэ. Энэ үед бол унших номтой үедээ байшингийнхаа сүүдэрт эвхдэг ороо дэлгэж байгаад л номоо бариад хэвтчихдэг байлаа. Тэгээд сүүдэр дагаад ороо чирээд явдаг байлаашд. Аав ээжийг ирэх дөхөхөөр гялс гэрээ цэвэрлээд, хоолоо бэлдээд... Тэгээд нар жаргаад оройн сэрүү орж эхлэхээр теннис, волейбол, нуугдаж тоглох гээд л бөөн тоглоомын асуудлууд ундраад эхэлдэг байвшд.
Жил ирэх тусам ном унших зав минь багассаар байгаад нэг удаа нэг сайхан боломж олгосон юм. Энэ нь жирэмсэн байх үе л дээ ккк. Нэг ажилд шинээр оронгуут жирэмсэн болчихоод, хамгийн үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө гэртээ тайван, амгалан байж байгаад хүүхдээ гаргах нь зүйтэй гэж үзээд ажлаасаа гарч байлаа. Энэ үед харин унших зав гарсан шүү.
Яг тэр үед миний амьдрал уналтын циклийнхээ доод шатанд оччихсон байсан. Аймаар стресстэй байдаг байсан. Тухайн үед манай найз хэдэн ном авчирч өгсний нэг нь Оросын телевизийн хөтлөгч Оксана Пушкинагийн "Женский взгляд" нэвтрүүлэгт оролцсон эмэгтэйчүүдийн тухай "Женские истории" ном байлаа. Энэ номыг уншаад би сэхээ авсан. Хүн болгоны амьдралд заавал нэг уруудах үе байдаг юм байна, удахгүй би эргээд хэвийн амьдралдаа орно гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Бодит хүмүүсийн, бодит амьдралын түүхүүдийг уншсан нь намайг ирээдүйдээ итгэлтэй болгосон шүү. Энэ номыг би найздаа эргүүлж өгөөгүй, голруулчихсан. Ном хулгайлахыг хулгай гэж үздэггүй гэж ярьдаг байсан биз дээ. Тэгээд л өөрийгөө зөвтгөөд дээрэм хийгээд хаясаншд ккк. Одоо нандигнан хадгалж байгаа. Хааяа гаргаж уншдаг юм.
Тэр үед уншсан нэг аймаар сонирхолтой номнууд бол оросын детектив зохиолч Даръя Донцовагийн хэдэн цуврал ном. Ёооооо үнэн тас номнууд. Би сүүлийн үед детектив уншихаа больчихсон байсан чинь тэр номнуудыг ёстой ухаан алдан уншсан. Яаж тэгж сэтгэж, бичиж чаддаг байнаа. Үнэхээр мундаг. Урьд нь детектив уншдаг л байсан. Тэгж мундаг сэтгэж бичсэн номнуудыг би уншиж байгаагүй. Оросоор, яг зохиолчийн бичсэн эхээр нь уншсан болохоор бүүр гоё. Жинхэнэ мэдэрч уншсан. Даанч жирэмсэн хүн ийм ном уншиж болохгүй гэж зарим нэг хүмүүст загнуулаад уншихаа больсон л доо.
"Бурхан багшийн сургаал"-ыг мундаг гоё орчуулж өгсөнд нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярт талархаад баршгүй. Энэ номыг уншаад сэтгэл гарган зул өргөдөг болсон. Урьд нь үүнийг зөвхөн нас барагсдын араас үйлдэх зан үйл төдий ойлгодог байлаа. Манай нэг багын найз манай гэрт ирээд "чи ч хөгширч эхэлж байгаа юм байна даа, бурхан шүтээд, зул өргөөд..." гээд шоолоод байсан. Үүнээс гадна далд ертөнцийн талаар уншсан минь намайг ийн зул өргөдөг, сүү өргөдөг, шүтлэгтэй болоход нөлөөлсөн л дөө.
Хамгийн сүүлд уншсан "Очир огтлогч"-ийг би бүх монголчууд уншаасай билээ гэж бодсоншд. Орчуулга нь овоо боломжийн. Сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ ном бол мундаг зөв ном байналээ. Жижигхэн ч гэсэн жирийн биш ном.
0 Сэтгэгдэл:
Post a Comment