RSS

Барын зулзагыг бага дээр нь

Миний охин овоо ярьж сураад байна. Өнөө өглөө агаа нь хичээлдээ явах гээд яараад шкафнаас хувцсаа авахдаа малгайгаа газар унагаад гараад гүйсэн чинь "малаа унашан" гээд малгайг нь газраас аваад дээшээ тавьж байна лээ. Яасан гэнээ гэсэн чинь малгай унасан байсан газар луу нь заагаад "тэе тэе малаа унашан" гээд байсан нээх хөөрхөн. 
Багш нь бас овоо ярьж эхэлж байгаа гээд л байналээ. Өөрөөс нь том хүүхэдтэй ангид оруулсан болохоор одоо удахгүй сайн ярьдаг болох байхаа. Арай том хүүхдүүдтэй хамт нэг ангид явуулахаар хүүхэд аягүй санаатай, айхтар болдог гээд байсан нэг ээж. 3 хүүхдээ дандаа нэг насаар том хүүхдүүдтэй цуг нэг ангид оруулдаг байсан гээд яриад байналээ. Арай эрт биеэ даадаг юм байхаа. 
Би охиноо хурдан ярьж сураасай л гэж бодоод байна. Тэгээд хурдан худлаа яриад эхлээсэй. Хүүхэд худлаа ярьдаг үе дээрээ нээх хөөрхөншд, хөгжилтэй. За тэр санаатай болох ч яахав. Хүүхэд гэнэн байхдаа л хөөрхөн. Хаашдаа л учир мэдэх тусмаа санаа суух л юм чинь. 
Зөрүүд, өөрийнхөө дураар зан нь л арай аймаар байнаа.  Юу хүснэ, яг тэр хүслээ л биелүүлэхгүй бол санаа нь амрахгүй. Нэхэл хатуутай. Уур хүрээд нэг удаа хацар луу нь хуруугаараа  зөөлхөн тогшчихсон чинь хацраа дараад "лойлой" гээд хичнээн цаг уйлваа. Аймаар. Хацарт нь гар хүрсэнийг ёстой хүлээн зөвшөөрөхгүй байналээшд. 
Одоо охиноо хараад би бас яг ингэж аав ээж 2-ыг тамладаг байсан байх даа гэж бодогдоод 2 бурханаа өрөвдөөд байгаа. Миний багын мартагдсан араншин илрээд байгаа юм чинь. Эсвэл нээх дөлгөөхөн, эсвэл аймаар зөрүүд.  Хүслээр нь байлгаад байвал манай охин шиг тайван дөлгөөн хүн алга манай гэрт. Нэг л зүйлийг хорьчихвол ёстой чадлаараа үзэлцчих юмаа. Хамаг арга барагдтал зөрүүдэлж байгаад намайг буулгаад авах юмаа. Барын зулзагыг бага дээр нь гэдэг үг л санаанд ороод байна.
Өнгөрсөн намар дэлгүүр хэсэж явж байгаад нэг пүүз өмсгөөд үзүүлсэн чинь заавал тэр чигтээ өмсөөд гарна гэж уйлаад... Дараа нь бас нэг нээх үнэтэй гутал өмсгөөд үзүүлчихсэн чинь заавал авна гэж орилоод намайг онигоо болгосоншд. Одоо хувцасны шинэ хуучин, гоё муухайг ялгаад, хувцас голж эхлээд байгаа. Гого өмсөнө л гээд байдаг болж байна. Энэ ч одоо яалтчгүй охин хүүхдийн зан байх л даа.
Хүүхдийн зан бол генд нь бичигдсэн байдаг гэж уншиж байсан. Аав, ээжээсээ яг 50%, 50% ген өвлөж авдаг юм гэсэн. Ааваасаа 50%, ээжээсээ 50% нийлүүлээд бас нэг өөр ертөнц мэндэлдэг юм байна л даа. Гэхдээ миний зөрүүд занг үлдээчихгүй яав даа нээрээ. Миний мартагдсан багын араншин илрээд, бас заримдаа шал танихгүй ааш гараад л.... Сонирхолтой ертөнц.
Харин дадал зуршил бол гарцаагүй өсөж байгаа орчноос нь тогтдог юм байна. Хэрвээ би барьж яваа хогоо гудамжинд шууд хаях юм бол манай охин яг тэрийг дуурайна. Хэрвээ хогийн саванд хаядаг бол хогоо заавал хогийн саванд хаях ёстой гэж ойлгоно. Хажууд нь өөрийгөө сайн хянаж, сайн үлгэр дуурайл үзүүлж байхгүй бол болохгүй юм байналээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment