RSS

Би өнөөдөр тавгүй байна

Сэтгэл тавгүйтээд байх юмаа. Өчигдөр оройны шуурхай мэдээ үзээд л тавгүй болчихсон. За за ийм юм үзээд нервтэж байхаар гээд сувгаа солиод Юниверс Бест Сонгс үзсэн чинь нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь унтаад өгсөн. 
Үүрээр хар дарж зүүдлээд л байсан. Нээх өндөр хад руу авираад  уначих шахаад явж байсан чинь гэнэт хаанаас ч юм нэг хүн "нуугдаарай нуугдаарай цаана чинь аймаар хүмүүс явж байна, баривчлана шүү" гээд байх юм. Тэгээд нээх сонин хадан агуйд ороод нуугдаад байх юм би хэдэн хүнтэй хамт. Тэр хадан агуй нь дөрвөлжин, яг өрөө шиг, бас цонхтой. "Энэ ямар сонин байр шиг агуй вэ? Ёстой гоё байгалийн өвөрмөц тогтоц байна" гээд би гайхаж бишрээд суугаад байх юм. 
Өглөө сэрээд зурагтаа асаасан чинь өнөөх үйл явдал чинь үргэлжилж байна. Намайг хар дарж зүүдэлж байх агшинд тэр нөхрийг баривчилчихсан байна. 
Ингэж хамаг улс амьтныг бужигнуулж, үймүүлж байхаар чимээгүй, дуулиан шуугиангүй баривчилж болдоггүй юм байх даа. Тусгай ажиллагаа гэдэг чинь чив чимээгүй, цэвэрхэн хийгдэх ёстой байдаг биз дээ. Миний уншдаг байсан адал явдалтай номнууд дээр бол тэгж л гардагшд. Манай цагдаа, тусгайгийнхан үнэндээ чадваргүй, бохир юмаа. 
Хүнийх нь хувьд хүндлээд ядаж гутлыг нь өмсгөөд аваад гарахгүй. Монгол хүний жудаггүй, яасан муухай юм бэ? 
Төрийн тусгай хамгаалалтанд байгаа хүний эрхэнд ингэж бүдүүлгээр халдаж байгаа юм чинь өчүүхэн бид нар бол шоргоолж шиг л няц гишгэгдэх юм байна. 
За за больё. Гэнэт учиргүй улс төржив. Улс төрөөр чи оролдохгүй байлаа гэхэд улс төр чамаар оролдоно гэдэг үг байдаг билүү. Улс төр надаар оролдоод байгаа юм байна л даа, хөөрхий. Энэ үйл явдлаас болж уймарч байгаад өглөө нүдний шил, гар утсаа гэртээ орхиод гараад ирж. Бас сүүгээ өргөхөө мартчихсан байнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment