Хэмжээтэй, хязгаартай, цензуртай социалист нийгэмд төрсөн минь, хэрхэхээ, яахаа мэдэхгүй будилж, бухимдсан шилжилтийн үетэй шилжилтийн нас минь уралдан давхисан нь, хэрүүлтэй, тэмцэлтэй, улс төржилттэй, үнийн хөөрөгдөлтэй капиталист нийгэмд дөнгөж ухаан сууж, амьдралын утга учрыг ойлгож эхэлж байгаа минь бүгд учиртай юм гэсэн. Санаандгүй, санамсаргүй гэдэг үг байдаг хэдий ч санаандгүй, санамсаргүй учрал, тохиолдлууд байдаггүй юм гэнэлээ. Бүх юм учиртай. Хувь тавилан гээч хэн нэгэн үл үзэгдэгч Бурхан хэмээн бидний нэрлэдэг этгээдийн зохиож, найруулсан жүжиг байдаг юм гэнэ. Би ингэж хэлээгүй, Бурхан багшийн сургаал дээр ингэж байсан шүү.
Сайн явах санааных гэдэг үг байдаг хэдий ч яаж ч хичээгээд санаагаар болохгүй байх тохиолдол амьдралд зөндөө байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ч гэсэн эзэн хичээгээд хичээгээд заяа нь хичээхгүй байх тохиолдол бас цөөнгүй. Хүн хувь заяагаа өөрөө зална гэж ярьдаг хэдий ч эзнийхээ үгэнд ордоггүй, том толгойтой хувь заяа бол бас зөндөө байна ккк.
Эсрэгээр "тэр үеийн тэнгэр мэднэ, тэнэг хүний (миний ч билүү) заяа мэднэ" гэж нэг супер үг байна. Хүчлээгүй байхад, зүгээр л бодохын төдий, заримдаа бүр бодож амжаагүй байхад биелчихдэг азтай, одтой бас бүтэлгүй үйл явдлууд хүний амьдралд зөндөө.
Энэ бүхнийг өөрийн биеэр үзэж туулж, өөрийнхөө амьдралаар нотоллоо. Эцэст нь би бурханаас оноосон хувь тавилан гэж байдаг гэдэгт итгэсэн. Гэхдээ бурхан миний хувь тавиланг зурчихсан, жамаараа болог гээд зүгээр ангайгаад суугаад байж болохгүй л дээ. Хүсэж, мөрөөдөж, тэмүүлж, хичээж амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй бол бурханы оноосон боломжуудыг ашиглаж чадахгүй, алдаад өнгөрнө гэсэн үг. Бурханы олгоогүй боломж бол тэртэй тэргүй яаж ч хичээгээд биелэхгүй... Биелэхгүй ч гэсэн дараа нь тэр алдсан боломжоос илүү том боломж инээд алдаад хүлээгээд байж л байдаг. Яагаад гэвэл бурхан хүний хичээл зүтгэлийг үнэлдэг юм шиг байгаа юм. Болсонгүй, бүтсэнгүй гээд санаагаар унаад үлдсэн асуудал дараа нь илүү давуу нөхцлөөр амьдралд тохиолдох нь зөндөө. Миний амьдралд л лав зөндөө тохиолдсон. Цаашид ч зөндөө тохиолдоно. Тийм болохоор ямар нэгэн азгүйтэлд санаагаар унах хэрэггүй. Дараа нь тэрнээс илүү том аз хүлээж байдаг. Ингээд л амьдрал сонирхолтой, гоё байгаа юм даа.
Ийм хувь тавиланг надаа хайрласан Бурханд талархахгүй байхын аргагүй. Энэ хүртэл..., ээжтэй минь, аавтай минь, эгчтэй минь, ах нартай минь, дүүтэй минь, гал голомтын минь үргэлжлэл ач, зээ дүү нартай минь, миний үргэлжлэл охинтой минь, мэдээж охинтой минь учруулсан аавтай нь, миний муусайн найзуудтай минь уулзуулж, учруулж, хагацуулж, уйлуулж, дуулуулж, жаргааж, зовоосон өнгөрсөн цаг хугацаа юутай үнэтэй. Өнгөрсөн бүх үйл явдал, учрал, тохиолдлууд бүгд санамсаргүй үйл явдлууд биш, харин санаатайгаар найруулж, дэглэсэн Бурхан багшийн уран бүтээл байсан гэдэгт би итгэсэн. Үлдэх амьдралд минь өөр зөндөө жаргал, зовлон, учрал, тохиолдол намайг хүлээж байгаа. Би урт наслана, би тэдэнтэй бүгдтэй нь уулзана, учирна. Тэнд би тухална, саатна. Тэгээд цаашаа явна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment