RSS

Ярианы хичээл

Би одоо хүүхэдтэйгээ ажиллаж чаддаггүй муу ээж гэсэн цол авчих гээд байна. Бүгд намайг "хүүхэдтэйгээ тоож ярьдаггүй болохоор ингээд хэлд орохгүй удаад байгаа юм" гэж загнаад байна. Тэгээд алдаагаа засахаар шийдэв.
Цаана чинь манай охины үеийн хүүхдүүд аль хэдийн хэлд орчихоод, бараг хайр сэтгэл ярих шатандаа оччихсон явж байгаа юм биш үү? Эхнээсээ бараг яриад эхэлсэн сурагтай кекеке...
Одоо сүүлийн өдрүүдэд охиноо үг хэлүүлж сургах гээд их эрчимтэй ажиллаж байгаа. Хамраа дараад "хамар" гээд хэлэхээр намайг дуурайгаад хамраа дарж байгаад "амае" гэж хэлнэ. Гэх мэтчилэн миний хэлсэн болгоныг, үйлдэл болгоныг яг тоть шиг дуурайгаад байгаа. 
-Хамар
-Амае
-Хацар
-Ачая
-Нүд
-Нүд
-Уруул
-Улуу
-Ам
-Ам
-Шүд
-Дүш
-Чих
-Чиш
-Хөмсөг
-Өшөг
-Үс
-Үш
-Хүзүү
-Үжүү
-Гар
-Гае
-Хөл
-Өл
-Хуруу
-Уюу
Тодоор бичсэн нь дандаа манай охины хэлж байгаа үгнүүд. Англиар нэг хүний биеийн эрхтэнүүдийг нэрлэж сурахдаа бараг л бүжиглэх шахдаг. Тэрэн шиг л юм болж байгаа бид 2.
Бас овоо ярьж сурах шинжтэй болсон шүү нэг үеэ бодвол. Ямартай ч өлсөхөөрөө "ойл ойл" гээд нэхдэг болчихсон. 
Ганцаараа нөгөө өрөөнд ороод л хэнгэнэтэл дуулах юмаа. Юу дуулаад байгаа юм бүү мэд. Орой Юниверс Бест Сонс гарч байхад бол урд нь алгаа ташаад л, хөлөө шидлээд, үсрээд л бүжиглэж өгөх юм. Гэхдээ нэг асуудалтай. Анзаараагүй дүр үзүүлээд сэмхэн хараад байхад бол дуулж, бүжиглээд үзүүлж өгнө. Хэн нэг нь өөрийг нь харж байгааг анзаарчихвал ичингүйрээд, инээгээд зогсчих юм. Хэнэггүй царайлчихаад бас сүүлийн үед ичиж мэддэг болоод байна. Цэцэрлэг дээрээ хүртэл яг ингэдэг гэнэ. Багш нь тэгж байналээ. 
Өнгөрсөн зун гадаа салхилж байхад нэг эмээ охины чихийг харсанаа дуучин хүний чих байна гэж авсан. Дуучин хүний чих бас өөр байдаг юм уу гээд би шоолоод өнгөрсөн. Нээрээ энэ хүн дуулах чадвартай гээд чихэн дээр нь тэмдэг тавьдаг юм байх даа кккк...
Ер нь дуу бүжгэнд дургүй хэн байхав дээ. Хүүхэд л юм чинь мэдээж сонирхож л байгаа. Гэхдээ ичимхий байх нь арай л илүү зан байнаа. Жилийн өмнө ичнэ гэж мэддэггүй байсан, одоо тэгээд нэг шал дэмий зан нэмэгдчих юм даа. 
Бас нэг дургүй хүрмээр зан илрээд байнаа. 24 өнгийн харандаа авч өгсөн чинь заавал бүгдийг нь ширээн дээр ил гаргаж, хөглөрүүлж байж дэвтэр дээрээ сараачна гэж зөрүүдлээд байх юм. Тэгээд бас их зөрүүд, зургийн дэвтэрнийхээ арын хуудаснаас нь заавал эхэлж сараачна гэнэ. Би багадаа бол дэвтэр, харандаанд бол жинхэнэ эмх цэгцтэй, нямбай хүүхэд байсан. Тэгж юмаа хөглөрүүлэхийг ёстой үзэж чаддаггүй байсан. Гэтэл манай охин бол тийм биш байна шүү. Энэ бодвол аавынх нь зан байхаа. Боломж олдсон дээр нь аавыг нь муулчихъя хахаха...
Би ч зөрүүд хүүхэд байсан л даа. Гэхдээ зургийн дэвтрийн арын хуудаснаас зурна гэж зөрүүдэлж үзээгүй л юмдаг. Зургийн дэвтрийнхээ буланг эргүүлж, навсайлгах бол бүр дургүй. Хаа очиж өөрийнхөө юманд их нямбай байсан шүү. Гэхдээ нээрээ одоохондоо арай бага юм чинь, жоохон томроод над шиг болох юм болов уу? Тэгээсэй. 
За давын өмнө ярьж сургахаа л бодъё. Тэр зураг зурах асуудал бол аяндаа болно биз. Эхлэл нь тавигдаад сараачаад явж байгаа юм чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment