Хувийн архиваас: 2008 оны 9 сарын 29-нд ингэж бичиж байжээ.
Уран зохиолын ном уншихаар сайхан сэтгэл сэргэж, толгой амардаг шиг номын тухай бичихээр бас сайхан сэргэдэг юм байна гэдгийг өмнөх бичлэгээсээ мэдэж авлаа. Тэгээд үргэлжлүүлж бичмээр санагдаад сууж байна.
Миний хувьд хамгийн гоё амралт бол гэрээ сайхан цэвэрлэчихээд, хоол ундаа бэлдэж тавьчихаад ном уншаад хэвтэх шиг сайхан амралт байдаггүй ээ. Би их сонин, гоё ном уншаад үүрийн 4 цагт унтахаараа маргааш өглөө нь ядардаггүй байж, гадуур найз нөхөдтэйгөө уулзаад, шоудаад 00 цагт гэртээ орж ирээд унтсан ч гэсэн маргааш нь ядарч үхчих гээд байдаг юм. Ер нь гэртээ л байсан бол ядрахгүй гэсэн сэтгэлгээтэй юм шиг байгаа юм.
Багадаа нэг гоё үлгэрүүд уншаад л байдаг байлаа. Зохиолчийнх нь талаар огт сонирхдоггүй, үлгэр нь л маш сонирхолтой байдаг байсан. Сүүлд тэр үлгэрүүдийг зохиосон хүн нь Данийн нэрт хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсен гэгч байсныг мэдэж авсан. Бас миний унших дуртай “Жаалхүү, Карлсон хоёрын тухай гурван тууж”, “Урт оймст Пеппи” зэрэг зохиолуудыг бичсэн Астрид Линдгрен гэдэг нь эмэгтэй хүн гэдгийг ахлах ангид орсон хойноо л мэдэж байсан юм. Учир нь ахлах ангид ороод л тэр зохиолчийг нь сонирхож, түүхийг нь уншиж үзсэн хэрэг. Тэрнээс биш бага ангид байхдаа бол зохиолч огт сонин биш, ном нь л их сонин байдаг байлаа.
“Капитан Грантын хүүхдүүд”-ийг уншчихаад Жак Паганель шиг мундаг газар зүйн мэдлэгтэй эрдэмтэн болох юмсан гэсэн хүсэл төрж, газар зүйн хичээлд маш их сонирхолтой болж байж билээ. Атлас мира гэсэн жижиг газрын зурагтай нэг хэсэг л найзалсан даа. Шинээр ямар нэгэн газар, хотын нэр мэдэж авах л юм бол нөгөөхөө газрын зураг дээрээс хайж, дэлхийн бөмбөрцгийн хэддүгээр уртраг, хэддүгээр өргөрөг дээр байдаг, аль тив дээр байдаг, ямар газруудаар хүрээлэгдсэн болохыг мэдэж авах гэж донтдог болчихсон байсан юм.
“Мөрдөн байцаагчийн өдрийн тэмдэглэл” гэдэг ном уншаад, бас Артур Конан Дойлын зохиолуудыг уншаад Шерлок Холмс шиг, Жорж Сименоны зохиолуудыг уншаад комиссар Мегрэ шиг, Микеле Плачидогийн “Наймаалж”-ийг уншаад комиссар Каттани шиг мөрдөн байцаагч болох юмсан гэж нэг хэсэг мөрөөдөв. Нэг л өдөр “Чам шиг орц харанхуй байхад гэртээ орж чаддаггүй аймхай хүн яаж мөрдөн байцаагч болох вэ дээ” гэж ахдаа шоолуулаад л шууд энэ мөрөөдөл унтарчихсан.
Харин Т.Драйзерийн “Санхүүч”-ийг уншиж байхдаа санхүүч болох юмсан гэж огт бодоогүйгээр барахгүй хэзээ нэгэн цагт санхүүчийн мэргэжил эзэмшинэ гэж зүүдлээчгүй билээ. Дээд сургуульд сурч байхдаа, үнэт цаас, хувьцааны талаар үзэж байхад энэ ном санаанд орж ирж байсан юм. Тухайн үед хувьцаа гээд нэг юмны тухай л уншаад байснаа санаад дахиж энэ номыг уншиж байсан юм. Хувьцааны талаар мэдлэгтэй болсон хойноо уншихад арай өөр байсан шүү.
Бага нас минь социализмын үед өнгөрсөн болохоор Зөвлөлтийн зохиолчдын номыг л илүү их уншдаг байж дээ. Зарим зохиолчдынх нь нэрийг ч бас тэр болгон санахгүй байна.
Хамгийн анх уншиж байсан зөгнөлт зохиол бол “Каллисто гариг”. Зохиолч нь Г. Мартынов гэж байлуу, юу байлаа, одоо сайн санахгүй байнаа. Одоо энэ номыг эргээд бодохоор нээх гэнэн зөгнөл байсан юм шиг санагдаад байдаг юм. Александр Беляевийн “Газар уснаа явагч”, “Эрдэмтэн Доуэлийн толгой”, бас “Агаар залгигч” (“Агаар худалдагч” ч билүү, нэг тиймэрхүү нэртэй) гэх мэт зөгнөлт зохиолуудыг уншиж байсан юм байна. Бас “Үл үзэгдэгч хүн” гээд нэг ном уншиж байсан. Доктор Кемп гээд эрдэмтний тухай гардаг. Зохиолчийнх нь нэрийг одоо бас санахгүй байна. Гоё бас тухайн үедээ их л аймаар ном санагдаж байсан юм.
0 Сэтгэгдэл:
Post a Comment