Ерөөс би их хуучинсаг хүн бололтой. Дээр үеийн дуу л сонсмоор санагдаад байх юм. Гоё дуу сонсоод ажлаа хийх ч урамтай шүү. Сая бас дээр үеийн хэдэн дуу татаж аваад одоо сонсоод сууж байна. 90-ээд оны эхэн үеийн дуунууд... Хайгаад олдохгүй байсан чинь ашгүй нөгөө балай сайт дээр оруулчихаж. Нүдээ эрээлжлүүлж байгаад хэдэн дуу татаж авлаа. Балай зурагнууд анивчаад нүд ядраачихдаг юм зүгээр. Энэ зайцевыг балайг нь гайхаад л дуу татаад байнаа би нээрээ. Хөөрхий минь надаа бол их л буян үйлдэж байгаа сайт. Хүссэн бүх дуу минь байж л байдаг.
За тэр ч яахав. Өнөө өглөөний ноцтой мэдээ... Охины цэцэрлэг 5 сарын 1-нээс засвар хийнэ гэнэ дээ. Амь амиа бодоорой гэсэн. Одоо яанаа. Цэцэрлэг ч олдох л байх л даа. Хүүхэд бүтэн жил яваад дасчихсан болохоор өөр цэцэрлэгт хямарч магадгүй л гэж санаа зовоод байна. Багш нь нэг улсын цэцэрлэгт ажилд орно гэнэ. Манай гэрээс жоохон зайтай л юм. Уг нь энэ багштай нь хамт байлгамаар байдаг. Та манай охиныг бас тэр цэцэрлэгтээ оруулаад өг гээд гуйчихлаа. Юмыг яаж мэдэхэв. Гэхдээ ойрхон өөр цэцэрлэгт нэг өдөр өгч үзээд гайгүй байвал явуулахыг бодно доо. 6 сарын 1-нээс л засвараа эхэлчихгүй, үнэн хувийн зохион байгуулалт муутай удирдлагатай цэцэрлэг вэ нээрээ. За яахав охины юм өөрөө л аяндаа бүтдэг дээ, болох байх л гэж бодоод байна.
Уржигдар охин цонхоор харна гэж уурлаад байхаар нь цонхны тавцан дээр гаргаад суулгачихсан чинь "ааваа" гээд байх юм.
- Юуны чинь аав? Ээжээ гээч...
- Ааваа..
- Ээжээ гээчээ..
- Үгүй ээ ааваа... (Үгүй гэдэг үгийг маш тод хэлнэшдээ)
- Аав чинь хаана байгаа юм бэ?
- Тэеээнэ гэснээ хуруугаараа гадагшаа зааж байна.
Жоохон ярих гээд эхлэхээрээ шууд худлаа ярьж эхэлж байгаа юм байх даа. Хүүхэд худлаа ярьдаг үе дээрээ ч бас хөөрхөн шүү.
Ойрд өглөө сэрэхгүй унтах гээд байдаг болчихоод байна. Сэрж өгөхгүй, намайг ажлаас хоцроочих гээд... Тэгсэн мөртлөө амралтын өдрийн өглөө түрүүлж сэрчихээд "бош бош" гээд загначихнаа. Нээх сайхан нам унтах юмсан даа.
Хэд хоногийн дараа Саддам Хусейн, манай нэг найзын дунд охин бид 3-ын төрсөн өдөр боллоо. Дараалсан 3 төрсөн өдөр болноо. Миний өмнөх өдөр дээд сургуулийн найзын, миний дараагийн өдөр хуучин хамт ажиллаж байсан найзын төрсөн өдөр болно. Ингээд 3 хоног дараалан дампуурна гэсэн үг кекеке... Гэхдээ одоо дампуурахгүй л дээ. Хөгширч нэг нас нэмэгдэж байгаа юм чинь юундаа баярлах юм гээд тоохгүй байсан чинь... Бодоод байхнээ бас арай биш юмаа. Харин ч баярлах ёстой юм байна гэж бодогдоод эхэлсэн. Гурван нийгэм, өчнөөн олон төрийн нүүр үзсэндээ бас баярлах ёстой ч юм шиг. 3 нийгэм үзсэн гэж бодоод байгаашд би. Зөв үү, буруу юу? Социалист нийгэм, шилжилтийн үе, одоогийн "үсрэнгүй хөгжлийн үе" кекеке. Үсрэнгүй хөгжлийн гарааны үе ч гэх юм уу? Манайхыг чинь үсрэнгүй хөгжлийн гарааны үе дээрээ ирчихсэн байна гээд байгаа гээ биз дээ?
Үнэндээ бол бид нарыг хүүхэд байх үед картын барааны өлөн зэлмүүн үеийг ч, одооны өндөр үнэтэй ч элбэг хангалуун цагийг ч төсөөлж чадахгүй л байсан биз дээ? Энэ техник технологийн хөгжлийг бол би лав зүүдлээчгүй. Тэр битгий хэл зөгнөлт зохиол дээр ч ингэж бичигддэггүй л байсан санагдана. Ингээд дуртай цагтаа, өөрийнхөө дур зоргоор блог бичээд сууж байх юм гэж тэр үед санаанд орох нь битгий хэл байсан биз дээ? Энэ бүх цаг үеийг үзэж, тэр цаг хугацааны амьд гэрч байна гэдэг аз завшаан биш гэж үү? Тэгэхээр төрсөн өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой юм шиг санагдаад эхэлж байгаа юм даа. Төдийгөөс өдий хүртэл эрүүл саруул, энх тунх амьдраад зовлон, жаргал хэмээх салхи, шуургыг туулаад, сөрөөд, аз, эз хэмээх дов сондуул дээр бүдчээд, харайгаад энэ зэрэгт хүрнэ гэдэг чинь гарцаагүй онцгойлон тэмдэглэх ёстой өдөр мөнөөс мөн санагдлаа ккк... Сайхан далим аан?
0 Сэтгэгдэл:
Post a Comment