RSS

Би цас ороход дуртай

Шавхайг эс тооцвол гоё өглөө байна. Өрөөндөө ороод, компьютераа асаагаад нэг сайхан тухлаж суугаад хумсаа будчихаад өндийгөөд хартал цас нэвсийтэл орж байна. Гоё байнаа. Твиттерт Ламбаа гуай "Энэ цас ч газар дэлэгнэж ногоо тvрэхэд шар тос л гэдэг дээ. Хот тойрсон мал амьтанд аштай юу!!!!" гэж жиргэсэн байна.
4 сарын цас юм чинь удахгүй л хайлаад алга болох байлгүй дээ. 4 сарын цас гэснээс нээрээ хүүхэд байхад 80 хэдэн он ч байсан юм дээ, санахгүй байна одоо, нэг өдөр нээх гоё дулаахан болоод л бид нар ингээд зун боллоо гэж бодож байтал маргааш нь нэвсийтэл том том ширхэгтэй цас ороод... Тэр том ширхэгтэй цаснууд одоо ч мартагддаггүй юмаа, үнэн гоё урлагийн бүтээл шиг. Нэвсийтэл ороод л байсан, ороод л байсан. Сүүлдээ бид нарын өвдгийг даваад... Байрны гадаа нээх гоё өвдөг даваад, бүсэлхий арай л хүрээгүй цастай болчихсон чинь сэтгэл хөөрөөд бид нар цасаар байлдаж өгсөн. Нэг орос аав 2 охинтойгоо гарч ирээд бид нартай хамт цасаар байлдаад... Тэгсэн манай байрны сахилгагүй хөвгүүд цасыг бөөрөнхийлж бөөрөнхийлж хав хатуу чулуу шиг болгож байгаад бид нар луу шидээд, сүүлдээ хэдэн охидууд нь өвдсөндөө уйлаад цасан байлдаан өндөрлөж байлаа. Маргаашнаас нь эхлээд зуд боллоо, мал үхлээ, малчид хэцүүдлээ гээд телевиз радиогоор бөөн л юм болж байсан санагдаад байна. Угаасаа тэр үед чинь жил бүрийн хавар хуучин муу хувцсаараа малын нэмнээ хийж, лаа шүдэнз цуглуулан, малчдад тусламж явуулдаг байлаашд. Тэр ажил нь тэр зудтай холбоотой идэвхижиж байлаа. Хот суурин газрын хүүхдүүд бид нарт бол өвдөг давсан цас гоё байгаа юм чинь. 
Өчигдөржин "Бөөгийн домог" уншаад... Үнэн тасархай ном. Ёстой хавьд уншаагүй гоё ном уншчихлаа. Орчноо мэдрэхээ болиод, номондоо уусаад орох л шахлаа. Хагдай бөөг бурхан болоод харанхуйн орон руугаа явсан тухай уншиж дуусаад сая нэг юм сэхээ аван толгойгоо өндийлгөхөд гадаа тэнгэр бүүдийгээд, салхи хуйсганаад, яг л миний сэтгэл шиг харууссан шинжтэй байж билээ. Зохиолч буриад зоны дунд байж, тэдний дунд яригддаг домог болон  ярианаас сэдэвлэн зохиолоо бичсэн талаар номынхоо төгсгөлд дурдсан байсан. Байгал далайн онгодууд Юкос компанийн төлөвлөж байсан үйл ажиллагаанаас газар нутгаа харамлаж, онгон дагшин байгалаа хамгаалж авч үлдэх гэж тэдний босс Ходорковскийг авлигын хэргээр шоронд суулгасан гэдгийг анх удаа уншлаа. Сонин л юм байна. Ямартай ч бөө гэж хэн болох, бөөгийн хэц, хэнгэрэг ямар учиртайг маш сайн мэдэж авлаа. Бөө бол шашин биш, шинжлэх ухаан гэж манай нэг найзын аав хэлсэн талаар найзаасаа сонсож байсан. Үнэхээр л тийм байх магадлалтай санагдлаа.
Байгал далай руу явж, Бурхан хадыг очиж үзэх юмсан гэсэн хүсэл одоо намайг эзэмдээд байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment