RSS

Номтой холбоотой нэгэн дурсамж

2008 онд бичсэн бичлэгээ уншаад үргэлжлүүлж бичмээр санагдав.

Нэг номтой холбоотой дурсамж санагдаад ккк... Манай ээж, сумо Цэвэгнямын ээж 2 хамт ажилладаг байлаа. Кёкүтенхо билүү юу билээ? Манай 2 ээж цэцэрлэгт нэг ангид  тэтгэвэрт гартлаа хамт ажилласан л даа. Цэвэгням багадаа аймаар сахилгагүй хүүхэд байсан юм.  Тэднийх нэг зун манайхтай айлсаад лагерьт хамт гарсан юм. Манай лагерь Богд уулын Шажин хурхын ам гээд ёстой гоё газар байсан. Сүүлд дархан цаазтай газар гээд тэнд лагерьт гаргахаа больчихсон юм. 
Тэгээд тэр зун Цэвэгнямын сахилгагүйг жинхэнэ мэдэрсэн. Урьд нь цэцэрлэг дээр ээж нарынхаа хажууд мэддэггүй байж л дээ. Арай хэтэрхий сахилгагүй, бас аймаар хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бүх айлын хүүхдүүдэд хоч өгнө. Гэхдээ бас аймаар ялгавар үзэлтэй. Манай дүү бид 2-т бол ямар ч хоч өгөхгүй. Бас манай 2 ээжтэй хамт ажилладаг байсан  цэцэрлэгийн тогооч эгчийн 2 охинд ямар ч хоч өгөхгүй. Бусад бүх хүүхдүүдэд хоч өгчихсөн, сайхан гар. Хүүхдүүдийг дандаа шоглож явна.
Нэг удаа бүх хүүхдүүд урд уул руу гарч Налайхыг харахаар болов.  Цэвэгням тэргүүтэй хөвгүүд түрүүлээд уул руу авирчихлаа. Бүх хөвгүүдийг уриалаад л үймүүлээд гүйчихдэг хүүхэд байсан юмаа. Түрүүлж гарангуутаа дээрээс чулуу нураавал яахуу? Яг байлдаантай кинон дээр гардаг шиг. Аймаар уур хүрсэн. Уулын орой дээр гарангуутаа би Цэвэгнямыг нэг сайн цохиод авъя гэж бодоод хөөсөн чинь надаа гүйцэгдэхгүй байгаа юм чинь. Бүдүүн юм байж аймаар хурдан.  Өндөр болохоороо чац урттай, том том харайгаад алга болдог байсан байх. Тэгээд би хөөж гүйцэхгүй болохоороо залхаад больж байсан юм. Тэгсэн нөгөөх чинь хэдүүлээ энд овоо босгоё гээд... Бас их манлайлагчаа тэр чинь. Хүүхдүүд шууд үгэнд нь ороод, чулуу цуглуулаад нэг жижигхэн овоо босгоод дунд нь мод зоогоод орхиж билээ. Хэд хоногийн дараа манай 2 ээж бас тэр уул руу гарсанаа "овоон дээр чулуу өргөөд..." гэж ярихаар нь "бид нарын босгосон овоошдээ, тэрийг ямар юмны овоо гэдгийн..." гээд ээжийгээ шоолоод...
Цэвэгнямыг сахилгагүй гээд би аймаар дургүй, дандаа ээждээ ховлож загнуулдаг байсан. Манай ээжид их сайн тэр чинь, загнуулаад л байна, тэглээ гээд ямар ч нэмэргүй сахилгагүй хэвээрээ л байгаад байна. Гэхдээ бүр дэндүү цагаахан зантай, сайхан сэтгэлтэй тэр чинь. Манай лагерьт нэг татаж унадаг өвчтэй охин байлаа. Тоглож байгаад нөгөө охин гэнэт татаж унадаг байлаа.  Нэг биш нэлээн хэдэн удаа ийм явдал болсон. Тэгэхэд Цэвэгням л сандраад, үүрээд гэр лүү нь гүйдэг байсан. Нүд нь дүрлэгнээд л, чин үнэнээсээ санаа нь зовчихсон. Бусад хүүхдүүд айгаад хүрэхгүй байхад... 
Тэр зун би "Жаалхүү Карлсон хоёрын тухай 3 тууж" гэдэг ном уншсан л даа. Тэр номыг уншиж байхдаа үхтлээ инээдэг байсан. Аймаар хөөрхөн ном. Номоо уншиж дууссанаасаа хойш Цэвэгнямд уур хүрэхээ больчихсоншд. Цэвэгням яг Карлсон шиг  сахилгагүй мөртлөө,  цагаахан байсан болохоор уучилсан юм шиг байгаа юм.
За за энэ чинь номтой холбоотой дурсамж бичих гэсэн биш Цэвэгнямын хөрөг биччих шиг боллоо ккк. Ингээд зогсоё.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment