Өнгөрсөн баасан гаригийн орой Бөхийн өргөөнд бурхан урлаач Ухаанзаяа гэдэг залуугийн лекцэнд суулаа. Ном уншина гэхээр нь очсон л доо. Энэ жилийн заслаа одоо болтол хийлгээгүй яваа. Мартчихаад байгаа юм чинь. Тэгсэн чинь бас яахав ээ сонирхолтой, огт сонсоогүй, уншаагүй юм ярьж л байналээ.
Үхлээс огт айж болохгүй гэсэн. Харин үхсэнийхээ дараа хаана очих уу гэдгээ одооноос сайн бодож бясалгаж амьдрах ёстой гэнэ шүү. Тамд очих уу, диваажинд очих уу гэдгээ энэ замбуулинд амьдарч байхдаа хийх үйлийн үрээрээ тодорхойлох юм байхаа. Ёстой мэдэхгүй цус, гэхдээ бас үгүйсгэж болохгүй байх...
Би ч бурханд итгэдэггүй, тэрс үеийн хүүхэд л дээ. Гэхдээ одоо бол өөр бодолтой болсон гэдгээ урьд нь бичиж байсан. Гэхдээ Бурханы сургаалийг 100% дагаж мөрдөх ёсгүй гэж би боддог. Аль галавын өмнөөс айлдсан сургаал одоо цагтай 100% нийцэхгүй байна гэж би бодож байна.
Бурхан багш огт шуналгүй байхыг номлодог. Харин би бол бага зэргийн хэмжээ нь хэтрээгүй, доз нь таарсан шунал байх ёстой гэж үздэг. Тэгж байж л хүн, улс орон хөгжинө шүү дээ. Тэгэхгүй бол Энэтхэг, Төвд шиг л байна биз дээ. Би өөрөө баян хангалуун амьдрах ёстой, Монгол улс хөгжих ёстой. Тэгэхээр би хэмжээндээ тааруулаад шуналтанаа, шуналтана.
Аан бас махнаас гарч би ёстой чадахгүй. Үйлийн үрээ нимгэлж байна гээд махнаас гардаг хүмүүсийг би тархиа амархан угаалгадаг, гаж хүмүүс гэж ойлгодог. Хүн махнаас гарвал байгалийн тэнцвэр алдагдана биз дээ. Хаашдаа бурхан биднийг тэгээд зохион бүтээчихсэн юм чинь, одоо яахав дээ. Мах идвэл мангас болно ухааны юм яриад л байналээ. Ёстой гай л байна. Манайх шиг мал аж ахуйн оронд бол мал орлогын гол эх үүсвэр юм чинь бид өөрсдөө махчин байхаас өөр аргагүй.
Бас ан гөрөө хийдэг, загасчилдаг хүмүүс бол аймшгийн нүгэлтэй алуурчид гээд байсан. Энэ чинь одоо эр хүний л хийдэг ажил биз дээ. Хүй нэгдлийн үеэс л эр хүний хийсэн ажил. Байгалийн хууль. Хүн амьдрахын тулд анхнаасаа л ан хийж, загасчилж ирсэн. Миний аав бол анд хорхойтой л хүн байсан. Том ах бол хүүхэд байхдаа загас барина гээд ангийнхантайгаа Туул гол руу явган явчихдаг, аав "усанд унаад үхчих вий" гээд л машинтай араас нь элдээд, чихдээд аваад ирдэг байсан нь бол миний хүүхэд насны гоё дурсамжуудын нэг. Аавтайгаа хамт Туул руу давхиж ахыгаа баривчилж ирэх бол гоё зугаатай ажил байлаа. Тийм болоод ч тэрүү, надаа ан хийх, загасчлах дуртай эрчүүд таалагддаг. Жинхэнэ эр хүн шиг санагддаг байхгүй юу. Гэхдээ ан авд дуртай эр хүн гээд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр шиг чоныг хоморголоод устгаад байж бас болохгүй л дээ. Хааяа ганц нэг чоно, гахай унагах юм бол байлгүй л яахав.
Тэгээд бүх хүмүүст Цагаан өвгөн, Бүжинлхам гэдэг бурханы зураг өгсөн. Аравнайлсан гэнээ. Гэртээ аваачаад жаазанд хийгээд тавьчихсан. Гэрт тэр зураг байхад хангалттай гэнэ. Бас Эвтэй 4 амьтан, Жаргалын 8 морь гэсэн зурагнууд байх их сайн гэнэ шүү. Тэгж байгаад энэ зурагнуудыг авч гэртээ тавинаа. Тэр 8 шаргын зураг бол ёстой гоё. Аль дээрээс л авах юмсан гэж бодоод байсан юм. Гэхдээ айлд байхад сайн гэдгийг нь бол урьд нь огт сонсоогүй л дээ.
Хүн ер нь шүтлэгтэй байх хэрэгтэй гэж би боддог. Шүтлэгтэй хүн хүмүүжилтэй байдаг. Ямар шашнаа шүтэх нь хувь хүний хэрэг. Шүтлэгтэй хүн байгал дэлхийгээ хайрладаг, болох, болохгүйн хязгаарыг мэддэг, дөлгөөн хүмүүс байдаг. Миний нэг таньдаг охин надаа ярьж байсан юм. "Манай нөхөр итгэгч болохоор надаа аягүй амар байдаг. Гэр бүлдээ л хамаг цаг заваа зориулдаг, цалингаа бүгдийг нь надаа авчирч өгдөг, архи тамхи хэрэглэдэггүй, гадуур шоудаж алга болдоггүй, ёстой амар" гэж байсан юм.
Би охиноо багаас нь шүтлэгтэй болгоно гэж бодоод байгаа. Бурхан байдаг гэдэгт итгэж өсөхөд буруу юм байхгүй.
Аан бас амралтын өдрөөр "Очир огтлогч" уншсан. Тэр номыг манай төрийн болон хувийн хэвшлийн бүх том дарга, босс, удирдлагууд уншаасай билээ. Монгол улс хөгжөөд ч байгаа юм шиг, хөгжихгүй ч байгаа юм шиг сонин байгаа. Гэхдээ монгол хүний үнэ цэнийг зөв үнэлээд ирвэл асар хурдацтай хөгжих боломж бололцоо байгаа. Энэ номонд бичсэн "зовлонгийн эцсийн хүрд" гэж юу болохыг уншаад ойлгоосой. Ойлгож ядах ч юу байхав. Хамгийн гол нь амьдрал дээр бодит болгож хэрэгжүүлээсэй. Яг манай өнөөгийн нөхцөл байдал бол энэ "зовлонгийн эцсийн хүрд"-д эргэлдэж байгаа юм байналээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment